Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн
 албан татвар, агаарын бохирдлын төлбөр,
 авто зам ашигласны төлбөр хураах
 ажлыг зохион байгуулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь заалт Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний  тухай А/158 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус зохион байгуулсугай.
           2.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хавсралтаар баталсугай.
          3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлын бэлтгэл ажлыг хангах, хуулийн хугацаанд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу холбогдох төсөвт 2024 оны 05 сарын 31-ний өдрийн дотор төвлөрүүлэн ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр), Татварын хэлтэс (Б.Баатар), Замын цагдаагийн хэлтэс (М.Эрхэмбилэг)-т тус тус үүрэг болгосугай.
      4.Албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар илрүүлж, хууль тогтоомжийн дагуу холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Татварын хэлтэс (Б.Баатар), Замын цагдаагийн хэлтэс  (М.Эрхэмбилэг)-т тус тус даалгасугай
      5.Албан татвар, төлбөр хураах ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлан ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
          6.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, ажлын тайланг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж мэдээллээр хангаж ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
        7.Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлэхэд хэсгийн ахлагч нарыг дайчлан ажиллуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                              Х.БОЛОРМАА