#СБД ЗАСАГ ДАРГА "ХӨДӨЛГӨӨНТ ОФФИС"-ООР 12-14 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

#СБД ЗАСАГ ДАРГА
Сүхбаатар дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг 2017 оноос санаачлан хэрэгжүүлсэн. Өнөөдөр батлагдсан хуваарийн дагуу 12-14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа сүүлийн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр 200 ортой Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 оны 8 сард эхлүүлж байсан бол зургаадугаар сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, олон улсын томоохон спортын тэмцээн зохион байгуулах стандарт бүхий Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлснээ онцоллоо. Түүнчлэн хог тээврийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах хүрээнд орон нутгийн төсвөөр БНСУ-ын Хьюндай үйлдвэрийн 12ш автомашин, хот нийтийн аж ахуй дүүрэгт шилжиж ирсэнтэй холбоотой зам засварын машин механизмаар парк шинэчлэлт хийсэн зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудынхаа талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын зохиомол түгжрэлийг бууруулах, орц, гарцыг нээж, газар ашиглалтыг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 1093, энэ жил нэмж 400 гаруйг буулгана. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто зам өргөтгөл бүхий тохижилт, бүтээн байгуулалт ажлууд хийгдэж байгаа гэв. Энэхүү уулзалтад дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга болон Орон сууцны бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.
Нийтлэлийг хуваалцах