ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо.
Хурлын эхэнд Засаг даргын орлогч М.Алтангэрэл УОК, НОК-оос  халиа тошин болон болзошгүй шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар өгч буй чиг үүргийг танилцууллаа.
Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон халиа тошингийн нөхцөл байдал, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай техник хэрэгслийн тоо, судалгааг мэдээллээ.  
Өнөөдөр дүүргийн хэмжээнд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын автомашин техникүүдийг ашиглаж байгаа бөгөөд хүндэрсэн байршлуудад эксковатор, том оврын автомашин түрээслэн халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд цаг дулаарахын хэрээр уулын цас хайлж, шар усны үер үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул бид бүх талаар урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливааг хохирол багатай даван туулахын тулд мэргэжлийн байгууллагуудын зөвлөх үйлчилгээ, шаардлагатай техникийн худалдан авалт, үүссэн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын аюулгүй байдалд ч анхаарах шаардлагатай гээд нарийн төлөвлөлттэй, өндөр зохион байгуулалттай ажиллахыг сануулав.
Дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гамшгийн “Шар түвшин” тогтоосон тул иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор  Засаг даргын захирамжаар Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлын  хэсэг байгуулагдан ажиллаж байна.
 

 

 

Нийтлэлийг хуваалцах