ФОТО: II СУРГУУЛЬ ОРЧИН ҮЕИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар сургуульд физикийн орчин үеийн сургалтын лабораторийг хүлээлгэн өглөө.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 200 ЕБС-д физикийн лабораторийн тоног төхөөрөмж гардуулах юм байна.

Лабораторитой болсноор хүүхдүүд үзсэн хичээлээ гараар турших, мэдлэгээ бататгах боломжтой боллоо.

Лабораторийг хүлээлгэн өгөх үеэр Хоёрдугаар сургуулийн захирал Л.Цэнгэлмаа "2015-2016 оны хичээлийн жил бид бүхний хувьд онцлог жил болж байна. Бага боловсролыг эрчимжүүлэх, суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр физикийн хичээлийн лабораторитой боллоо. Лаборатори кабинетад 45 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулан, өнөөдөр манай сургуульд хүлээлгэж өглөө.

Лабораторитой болсноор боловсролын шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, багшийн арга зүйг сайжруулах боломж нээгдэж байна. Хүүхэд сурсан зүйлээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд лаборатори кабинет дутагдалтай байсан.

Бидний лаборатори кабинеттай болох зорилгыг дэмжиж ажилласан дүүрэг, нийслэл, яамны холбогдох байгууллагууд болон хөрөнгө оруулагчдаа баярлалаа" гэлээ.

Нийтлэлийг хуваалцах