ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ИЖИЛ БАЙХААР БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үүнд тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ижил буюу 60 насандаа тэтгэвэрт гарахаар тусгасан юм. Харин энэ асуудлаар МАН-ын бүлэг эсрэг саналтай байсан юм.

Ингээд МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн бодлого талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг нь хийх гэж байна. Энэ бодлогод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг ижил болгох асуудал орсон. Уг асуудлаар ярилцаж, засаж залруулах хэрэгтэй болсон учраас МАН-ын бүлэг завсарлага авсан байгаа. Мөн Д.Батцогт даргад таван асуудлыг эргэж харахгүй бол болохгүй гэсэн албан бичиг явуулсан. Харамсалтай нь байнгын хороо хуралдаж чадсангүй. Гэтэл бидний завсарлагийн хугацаа дуусчихлаа. Энэ нэг их тулгамдсан асуудал биш шүү дээ. Тиймээс нухацтай сайн хэлэлцэх хэрэгэй. Уг асуудлыг хэрхэн шийдэх вэ” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлагын хугацаа одоо дуусаж байна. Тэтгэвэрт гарах насыг ижил болгох асуудлаар бодлого баталж байгаа. Түүнээс хууль батлаагүй. Хуульд өөрчлөлт оруулж байж батлана” гэлээ.

Үүний дараа Д.Дэмбэрэл гишүүн саналаа хэлсэн нь олон гишүүний дэмжлэгийг авсан юм. Тэрбээр тэтгэвэрт гаргахдаа ялгаварладаг байдлаа халах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй 50 насандаа, гурван хүүхэд гаргасан бол 55 насандаа тэтгэвэрт гарна гэдэг тал бий. Тиймээс нөхцөл хөнгөлөлтүүдээ зөв оруулж ирэх ёстой. Эмэгтэй хүн бол таван жилийн хөнгөлөлт авах боломжтой. Мөн малчид ч гэсэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 50 насандаа тэтгэвэрт гарч болох юм" гэлээ.

Ингээд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын талаар УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад 50 гишүүн оролцож 30 гишүүн зөвшөөрч 60 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Танилцуулгыг З.Баянсэлэнгэ гишүүн хийж, гишүүд саналаа хэлсэн. Ингээд санал хурааж 50 гишүүн оролцож 36 гишүүн зөвшөөрч 72 хувийн саналаар баталлаа.

Одоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Б.Сансар

olloo.mn

Нийтлэлийг хуваалцах