​СҮХБААТАР ДҮҮРГИЙН XV ХОРООНЫ БҮХ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДЛАА

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн XV хороонд барьж эхэлсэн 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл өчигдөр ашиглалтад орлоо. Өргөтгөлийг Канад модон технологиор барьсан бөгөөд 100 хүүхэд хүлээн авах боломжтой аж.

 

Уг цэцэрлэг өмнө нь 240 хүүхдийн ортой, нэг ангид 40-өөс олон хүүхэд авдаг байжээ. Хэдийгээр ингэж ажилласан ч XV хорооны 1-24 дүгээр гудамжинд амьдардаг 60 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан гэнэ. Харин тус өргөлтгөл ашиглалтад орсноор дээрх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж буй юм. Энэ талаар XV хорооны Засаг дарга Ц.Сарантуяа “Сүхбаатар дүүрэг 2015 онд шинээр дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн байр, өргөтгөл ашиглалтад оруулж, нийт 2000 гаруй хүүхдэд сурч, хөгжих боломжийг бүрдүүлж өглөө. Харин 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор манай хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бүрэн боломж бүрдсэн” гэв. Мөн тус цэцэрлэгийн багш нар “Цэцэрлэгийн хүрэлцээ нийслэлд тулгамдаж буй асуудал хэвээр байгаа. Нэг ангид олон хүүхэд суралцах нь багш нарын ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүртэй тулж ажиллах нөхцөлийг бууруулдаг юм. Тэгвэл манай цэцэрлэг өргөтгөлтэй болсноор багш, ажилчдын ажлын ачаалал буурч байгаа. Хүүхдүүд ч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд сурах боломжтой боллоо” гэж ярилаа. 

Г.Баярцэцэг

Нийтлэлийг хуваалцах