НЭГЭН ЖАРНЫГ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ХОЁР БУУРАЙ

НЭГЭН ЖАРНЫГ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ХОЁР БУУРАЙ

Цагаан сар бол монголчуудын ураг удмын баяр. Тэр ч үүднээс өнөр өтгөн олуулаа, түмэндээ хөдөлмөр гавьяагаа үнэлүүлсэн буурайтай уулзах даалгаврыг редакциас надад өгсөн нь нэр хүндийн хэрэг байв. Нэлээн эрэл сурал болсны эцэст нийслэлийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн 94 настай Я.Доржжав гуайн гэрийг зорихоор шийдсэн юм. Ихийг үзсэн хүн ихийг мэднэ хэмээн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн хэлсэнчлэн Я.Доржжав, түүний гэргий нарын намтар залуу сэтгүүлч надад тун сонирхолтой санагдсан хэрэг.

 

 Гэрийг нь заалгасаар очиход том хүү нь угтан авч, хоёр хөгшний /вант улс/ өрөөнд оруулав. Зурагт үзэн суух хоёр буурай “Өө сурвалжлагч хүү “ хэмээн дотноор дуудан хажуудаа суулгаснаар бидний яриа эхэлсэн юм. Я.Доржжав гуай гэргий Д.Цэмбээтэй тоонот гэрт толгой холбоод 63 жилийн нүүр үзжээ. Ханилаад нэгэн жарныг хамт элээхдээ 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлэн өдгөө үр ач, зээ нарын тоо 120 давсан гэнэ. Ёстой л үрээ танихгүй өнөр өтгөн, үрээгээ танихгүй баян гэх үг энэ хоёр хөгшинд зориулагдсан мэт. Өдгөө үр хүүхдүүд нь эх орондоо төдийгүй гадаадад ажиллаж, суралцаж байгаа гэнэ.

94 насыг зооглож буй гэрийн эзэн Я.Доржжав цэргийн хурандаа цолтой нэгэн. Залуудаа засан хүмүүжүүлэх хорих ангийн дарга байжээ. 1946 оноос цэргийн албанд зүтгэж эхэлсэн түүнийг хүмүүжигчид нь “Шинэ засаг” хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Учир нь, хүүхдүүдийг цагдан хорьж, хөдөлгөөнийг нь хязгаарладаг байсныг болиулж мэргэжил, чиглэлээр нь хамаарч хичээл зааж, сурган хүмүүжүүлдэг байсан аж. Жишээ нь, тракторчин болох хүсэлтэй хүүхдүүдийг тракторчин, мужаан бол мужааны чиглэлээр сургаж мэргэшүүлдэг байсан тул хүүхдүүд ийн нэр хайрласан хэрэг. Жинхэнэ утгаар нь засан хүмүүжүүлэх газрыг ажиллуулсанаар 500 гаруй хүүхдийг амьдралд дахин хөл алдахааргүй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж. Гэвч тухайн үед засах хүмүүжүүлэх газарт хүмүүжигч хүүхдүүд сул чөлөөтэй явах, хооронд нь нийлүүлж сургах зэрэг зүйлийг хорьдог байсан тул Я.Доржжав гуайн шинэ арга барил тухайн үеийн дарга нарт таалагдсангүй. Түүгээр ч зогсохгүй буруутгаж хүнд ял тулгах тухай яриа ч гарч байж.

Хэдий сонгосон мэргэжилдээ хайртай, дуртай ч хийсэн зүйлээсээ болж буруутсан олон хэрэг тухайн үед гарч байсан тул хүүхдүүдийнхээ ятгалгаар эрт тэтгэвэрт суусан гэнэ. Энэ талаар түүний том хүү Д.Баатар “Тухайн үед нийгмээсээ түрүүлж сэтгэдэг эсвэл хийдэг хүмүүс хэцүү байсан даа. Миний аав тухайн үедээ сайн зүйл хийсэн ч, нийгэм нь цаагуураа хориглодог тийм л үе байсан. Хэрвээ өнөөгийн чөлөөтэй сэтгэж, хийж болдог ардчилсан нийгэмд ажиллаж байсан бол олон арван хүмүүсийн талархлыг хүртэж, өч төчнөөн гавьяа шагнал авах байсан биз” ярьсан юм. Гэхдээ төр засаг түүний гавьяа зүтгэлийг мартсангүй. Төрийн хайр хүндэтгэлээ үзүүлж, Цэргийн гавьяат цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялааж.

Ийн өвөө, хүү бид гурвыг хуучилж байх зуур гэргий Д.Цэмбээ нь ярианд оролцох тун дуртай байгаа нь илт. Түүнээс нас сүүдэр хэд зооглож байгааг асуухад “86 настай. Эмээ нь залуудаа багшийн мэргэжилтэй, сэтгүүлч хүн байлаа” хэмээн ярьсан нь, өөрийн эрхгүй сонирхлыг минь татав. Магадгүй, сэтгүүлч хүний нүд хурц, чих соргог байх ёстой учраас сэтгүүлч байлаа гэдэг үгийн цаана юу нуугдаж байгаа бол гэхээс мэдэхсэн гэх хүсэл минь тэмүүлсэн биз.

Тиймдээ ч, түүнийг хэзээ яриагаа үргэлжлүүлэх бол хэмээн ажвал тэрээр мөн л тухайн үеийнхээ нийгмийн золиос болж, аавын хаалга татах шахсан гэнэ. Нийгмийн суртал ухуулгын хамгийн том зэвсэг болсон "Залуучуудын үнэн" сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа “Лоохууз”-ын хэрэг ид шуугиан тарьж байсан 1960 онд хэлсэн үгийг сонины нүүрэнд гаргаж тавьсанаас МАХН-наас хүнд ялаар шийтгүүлэхэд хүрсэн гэнэ. Харин олон хүүхдийнх нь буян заяа түшсэнээр албан тушаалаас нь буулгаж, харьяа байгууллагад манаачаар орох тушаал гарган шийтгэсэн байна. Энэ явдлаас хойш Д.Цэмбээ эмээ Хүүхдийн паркт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан аж. Нэгэн жарныг хамтдаа туулж буй энэ хоёр буурай тухайн үеийнхээ нийгмийн золиос болоод зогсохгүй басхүү хүнд хүчир он жилүүдийг нугарашгүй сэтгэлээр хамтдаа туулж, 10 хүүхдээ эрүүл саруул өсгөхийн зэрэгцээ ар гэрийнхээ аж, амьдралыг цэгцэлж явсаар өнөө цагтай золгосон байна.

Д.Цэмбээ эмээ нас өндөр гарсан ч зүгээр суудаггүй нь илт. Учир нь буянтай буурайн гэрт хөдөө орон нутаг, хавь ойрын хүмүүс гээд хүний хөл тасардаггүй бололтой гэрийнхээ үүдэнд хүн хүлээх суудалтай, орохдоо улавч өмсөн ордог жишиг тогтож. Ямар учиртайг сонирхон асуувал бариа засал хийх бөгөөд орон нутгаас хүртэл хүмүүс ирдэг гэнэ. Сурвалжлагч миний бие хөөрөлдөн суух зуур бариа хийлгэнэ хэмээн байнгын үйлчлүүлэгч нь гэх эгч орж ирсэн юм. Нас дээр гарсан тул сүүлийн үед олон хүн хүлээж авахаар бие нь чилээрхэх болсон учраас үдийн 14 цагаас хойш хүн хүлээж авдаггүй журам тогтоосон хэмээн тайлбарлав.

Бариач хүний сэтгэл нь цагаан, гар нь зөөлөн байдаг гэдэг үг оргүй биш аж. Үүний жишээ нь Д.Цэмбээ гуай гэлтэй. Тэрээр ”Эмээ нь залуугаасаа уурлах, хүнтэй чанга харилцаж үзээгүй. Уурлаж, бухимдаж байгаа хүмүүсийг хараад их гайхдаг шүү. Уур бухимдал хүнд сайн зүйл авчрахгүй. Эсрэгээрээ муу муухай бүхнийг дууддаг. Тиймээс хүүхдүүд минь уур бухимдлаа барьж сурж, эв эеийг эрхэмлэх хэрэгтэй” хэмээн сургаалиа хайрласан юм. Эмээгийн ууч сэтгэлийн талаар хүү нь “Миний ээж чинь биднийг загнаж байтугай зандарч байгаагүй. Ёстой уурлаж байгааг нь бид хараагүй” хэмээв. Үүний нотолгоо болох нэгэн түүхийг тэрээр сөхсөн юм. “Нэг өдөр гэрийнхээ гадаа хувцсаа тохож тавьчихаад найман хүүхдээ гадаа хараад сууж байтал нөхөр хувцсаа чемодандаа хийгээд үг дуугүй гараад явчихсан. Хожмоо Орост сургуульд сурахаар явсаныг нь мэдсэн. Тухайн үед гэрт хоолгүй, данханд цайгүй үлдэхэд намайг яана гэж бодсон юм бол гэж бодсон. Ёстой л бор зүрхээрээ хэдэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн дээ” дурсав. Харин өнөө цагт нэг гэр бүлд ийм асуудал үүсвэл тэр өрхийн хувь заяа хэдхэн минут, секундад яаж эргэх нь тодорхой гэх бодол толгойд зурсхийж байсныг нуух юун. Тиймдээ ч хүүхдүүд нь ч аавынх нь эзгүйд ээж нь яаж өлсгөж, цангалгүй өсгөсөн сэтгэлийн хат, тэвчээр, уужим сэтгэлийг нь хүндэтгэхийн сацуу тэр хоёрын их хайрыг хүндэтгэдэг учраас л энэ хоёр буурайн урт насалж буйн нэг нууц гэлтэй.

Өнөөдөр хоёр хөгшний хүүхдүүдийн дийлэнх нь гавьяаны амралтаа эдлэн тэтгэвэрт гарч, хамгийн бага нь одоо 50 хүрч байна хэмээн том хүү Баатар хэлэв. Түүнээс үр ач, зээгийн тоо хэд хүрч байгааг асуухад “100 хол давсан, хамгийн сүүлд ургийн бичиг хөтлөхөд 120 хүрч байсан” хэмээн баяртайгаар хэлсэн юм. Дээр хэлсэнчлэн Цагаан сар ургийн баяр. Харин баяраа тэмдэглэхэд хоёр хөгшний тэтгэвэр тэтгэмж хэр хүрэлцээтэйг асуухад “Тэтгэвэр дангаараа амьжиргаанд хүрнэ гэж байхгүй дээ. Хүүхдүүдийн тусламжтай л болгодог. Хүүхдүүд л тусалж байна” хэмээн өгүүлэв.

Биднийг ярилцах хооронд тэд нэг ч удаа “Айн” хэмээн чих тавьж асуугаагүй бөгөөд сонсгол хараа нь хүүхдээсээ дутахааргүй сайн аж. Харин нас өндөр болж гарч орох нь улам л багасч байгаа шинжтэй. Хааяадаа л ахмадын болон дүүргээс хүлээн авч уулзах уулзалтад очдог гэнэ. Үртэй хүн жаргалтай гэдэгчлэн гадагшаа байнга гарч чадахгүй ч, ач,зээгээ өсгөн тойруулаад сууж байхад сайхан байдаг юм , хүү минь хэмээн хоёр буурай ярьж байлаа. Тэд “Сар шинээр олон хүн ирж, хөл толгой нь мэдэгдэхээ байдаг учир орой 20.00 цаг гээд амрахгүй бол бие нь чилээрхдэг болсон” хэмээн инээн суугаа нь нэн жаргалтай...

Нэгэн жарныг хамтдаа үдэж буй хоёр буурайдаа Гал бичин жилийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд Сар шинэдээ сайхан шинэлж, залуус бидэндээ сургаал үгээ хайрлаж яваарай гэж ерөөе. Урт насалж, удаан жаргаарай.

Гадаадад ажиллаж амьдарч буй хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүлсэнийг хүлээн авна уу?

Б.Өсөхбаяр  2016 оны 2-р сарын 10. 11:45 - Newscom.mn

Нийтлэлийг хуваалцах