ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖИРСАНД ИРГЭД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөл”-ийн тайлангийн хурал боллоо. Хурлаар зөвлөлийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан томоохон онцлог ажлуудынхаа талаар мэдээлэл солилцсон юм. Өдгөө гурав дахь жилтэйгээ золгож байгаа энэ зөвлөл нь Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв болон хорооны Засаг даргын ажлын албаны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Ингэхдээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг сайжруулах, харилцан туршлага судлах, эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж байна.
Тухайлбал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр энэ оны гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Тайван улсын Тайпей хотод болсон Ази Номхон далайн бүс нутгийн өрхийн эмч нарын чуулга уулзалтад ӨЭМТ-ийн 11 эмч оролцжээ. Мөн ӨМӨЗО-ны Хөлөн буйр хоттой хамтран ажиллах гэрээний дагуу Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн эмч, сувилагч нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ӨМӨЗО-ны Якш хотын Ойн Аж Ахуйн Нэгдсэн эмнэлэг, Шинэ Барга зүүн хошууны Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн харилцан туршлага судалсан байна. Энэ үеэрээ тухайн эмнэлэгт хэрэглэгдэж шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслүүдтэй танилцаж, сүүлийн үед эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ ололт, амжилт, хандлагуудын талаар харилцан санал солилцсон байна.
Түүнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчилгээний таатай орчин бүрдүүлсэн байгууллага, хамт олон болон хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган мэргэжлийн ур чадвар, ёс зүй харилцаа хандлагаар манлайлсан эмч, сувилагч, үйлчилгээний ажилтныг шалгаруулах үүднээс Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн дунд “Иргэнд ээлтэй эмнэлэг” нэртэй гурван сарын аяныг зарлаж, тусгай удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу шилдгүүдийг дүгнэжээ. Энэ аяны хүрээнд Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс есөн шилдэг байгууллага, тасаг нэгж, 39 Шилдэг эмч, сувилагч, туслах ажилтан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан нь энэ салбарт ажиллаж байгаа олон хүнд итгэл, урам өгсөн сайхан ажил болсныг хэлэх нь зүйтэй. Дүүргийн удирдлагуудын зүгээс жилээс жилд эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. Эдгээрээс онцолбол, 65 ортой Сүхбаатар сувиллын цогцолборыг өнгөрөгч дөрөвдүгээр сард нээж, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Дүүргийн орон нутгийн төсвөөс 17 нэр төрлийн 86 сая төгрөгийн тавилга, 21 төрлийн 112 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, Дэлхийн зөн ОУБ-ын хандив тусламжаар 25 нэр төрлийн 25 сая төгрөгийн тавилга нийлүүлэгдсэн нь иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад ихээхэн анхаарал хандуулсан хөрөнгө оруулалтын нэг юм. Ингэснээр алслагдсан гэр хорооллын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ өргөтгөж, шинэ тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болоод байна. Мөн “Оюудент” ХХК-тай гэрээ байгуулан Эрүүл мэндийн төв, Салбар амбулатори 1,2-ын шүдний кабинетуудад 10 төрлийн шүдний багаж, хэрэгсэл худалдан авч, хуваарилснаар иргэдэд үүсдэг хүлээгдэлгүй болсон. Эрүүл мэндийн төвд биохимийн анализатор, эхо аппарат, лабораторийн хөргөгч, ӨЭМТ-д шаардлагатай тэмбүүгийн оношлуур, сахар хэмжигч, холестрин хэмжигч аппарат оношлуур, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, зүрхний бичлэгийн аппарат, принтер, компьютер зэрэг 13 нэр төрлийн багаж хэрэгсэл нийлүүлээд байна. Энэ мэтчилэн “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, хорооны ЗДАА-ны хамтын ажиллагаа жил ирэх тусам сайжирч аппарат, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдсэнээр шинжилгээний нэр төрөл, үзүүлэлт сайжирч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байна. Тайлангийн хурлын төгсгөлд зөвлөл болоод Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн удирдлагууд тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Мөн 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар харилцан санал солилцсон юм.