Л.АМАРЗАЯА: ИРГЭН ИЛҮҮ ТАЛБАЙГАА ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ӨМЧЛӨЛИЙН АЖИЛ ТЭР ЧИГТЭЭ СААТНА

Л.АМАРЗАЯА: ИРГЭН ИЛҮҮ ТАЛБАЙГАА ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ӨМЧЛӨЛИЙН АЖИЛ ТЭР ЧИГТЭЭ СААТНА

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 26 байршилд зуслангийн газар цахимаар өмчлүүлэх ажил өнгөрсөн Баасан гарагаас эхлэн явагдаж буй. Уг асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Сүхбаатар дүүргийн Хот, нийтийн аж, ахуй тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга Л.Амарзаяатай ярилцлаа.

Сүхбаатар дүүргийн хэдэн хороо зуслангийн газар өмчлүүлэх бүсэд хамаарч байгаа бэ?

- Нийслэлийн зуслангийн бүсэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд ордог. Манай дүүргээс 15, 18, 19, 20 дугаар хороод зуслангийн бүсэд багтдаг байгаа. Эдгээр хороодын том, жижиг амуудаа оруулаад тооцвол 30 орчим зуслангийн ам байдаг. Үүнээс эхний ээлжинд 19 зуслангийн ам буюу томоохон амуудаа иргэдэд өмчлүүлэхээр Нийслэлд саналаа өгсөн. Энэ хүрээнд хойд зуслангийн чиглэл буюу Шарга морьт, Хандгайт, Санзай, зүүн талын Бэлх, Сэлх зуслангийн томоохон амуудад өмчлөлийн ажил явагдах юм.

Ер нь иргэдэд зуслангийн газар өмчлүүлэх асуудал 2011 оноос хойш яригдаж, 2012-2015 онуудад бэлтгэл ажлууд явагдсан. Өнгөрсөн жилүүдэд бид газар дээр нь тоон судалгаа хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан байршлын зураг гарган, хаягжилтын судалгаанууд хийсэн. Ингэснээр Нийслэлийн 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилт, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа.

- Зуслангийн өмчлөлд хамаарч буй 19 аманд одоо олгогдоогүй талбай байдаг уу?

Манай дүүргийн хувьд зуслангийн бүсэд хоосон ам, хоосон газар гэж байхгүй болсон. Зуслангийн газар эзэмшлийн асуудал өөрөө 2000 оны эхнээс маш эрчимтэй явагдсан. Ялангуяа сүүлийн арваад жил энэ ажил бүр эрчимжиж, ойрын жилүүдэд олгох газаргүй болсон байгаа. Ингэснээр зуслангийн газар эзэмшүүлэх ажил ерөнхийдөө зогсонги байдалд орж, газрын нөөцөө шавхсан гэж болно. Тэгэхээр зуслангийн газар өмчлөлд хамрагдаж буй 19 амын талбай нэлэнхийдээ айлаар дүүрч, суурьшил үүссэн газар. Айлуудын ихэнх нь зуслангийн газар эзэмшлийн гэрчилгээтэй.

Зуслангийн газар эзэмшлийн гэрчилгээтэй айл өрхийн тоо яг хэд байгаа бэ?

- Нэгж талбарын тоогоор манай дүүрэгт 30 орчим мянган айл өрх зуслангийн бүсэд амьдарч байна. Үүнээс судалгаанд хамрагдсан дүнгээр нь авч үзвэл 24 мянга орчим айл өрх нь ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй, зуслангийн газар эзэмшлийн гэрчилгээтэй. Эдгээр айлуудын 14176 айл нь зуслангийн газраа өмчилж авах боломжтой байна гэдэг судалгааг гаргасан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хаягжилт, тухайлсан зураг төслөөр зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Тэгэхээр айлуудын хашааны байршил өөрчлөгдөхөөс өгсүүлээд нэлээд асуудал үүснэ. Энэ мэт асуудлыг хэрхэн зохицуулах бэ?

- Зуслангийн газар өмчлүүлэхэд үүсэх хамгийн гол бэрхшээл нь энэ. Өмнө нь газрыг эмх замбараагүй олгосон хийгээд иргэд дураараа энэ тэнд хашаа хатгасан, тухайн үед хот төлөвлөлтийн бодлоготойгоо уялдуулалгүй орц гарц тагласан зэрэг нэлээд гажуудалтай асуудлууд бий. Ийм газруудын төлөвлөлтийг хийхдээ шинэчилсэн хаягжилт, хот төлөвлөлтийн зургандаа уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн. Тэгэхээр иргэд үүнд хүлээцтэй хандаж, харилцан ойлголцож өмчлөлийн ажилд оролцох хэрэгтэй. Ер нь анхнаасаа хот төлөвлөлттэйгөө уялдуулж, зуслангийн газар олголтоо явуулсан бол бидэнд өнөөдрийн хүндрэл үүсэхгүй байсан. Үүнийг буцаагаад засахаас өөр аргагүй.

Одоо байгаа эзэмшсэн хэлбэрээр нь газар өмчлөлийн ажлыг явуулвал яг ямар эрсдэл үүсэх юм?

- Иргэдийн хашаалсан хэлбэрээр нь шууд өмчлөлийн ажил явуулах гэхээр маш том хүндрэлүүд үүсээд байгаа юм. Иргэд кадастарт тэмдэглүүлсэн газраасаа том хэмжээнд хашаа хатгачихдаг. Зарим нэг айл ямар ч орц гарц байхгүй, айлуудын дунд таглагдчихсан байх жишээтэй. Эдгээрийг засалгүй, өмчлөлд шилжүүлээд явчихаар нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэг сургууль болон явган зам зэргээ хийх боломжгүй болчих юм. Хамгийн эхэнд орц гарцыг шийдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Цаашлаад гудамж талбайн асуудал ч сөхөгдөнө.

Тэгэхээр иргэд цахимаар хүсэлтээ өгсний дараа ерөнхий зураг төсөлтэй газраа хэрхэн уялдаж байгааг хянуулна гэсэн үг үү?

- Иргэд өмчлөх хүсэлт өгсний дараа дүүргээс тухайн эзэмшиж буй газар нь хот төлөвлөлтийн зурагтай хэрхэн уялдаж буйг нь эхний ээлжинд судална. Ерөнхий төлөвлөгөөний зураг дээр эзэмшлийн талбай хэрхэн бууж байгааг нягтална гэсэн үг. Хашааг хөдөлгөх, байршлыг өөрчлөх шаардлагатай тохиолдолд иргэнтэйгээ зөвшилцөөд, ажлаа явуулах юм. Иргэн зуслангийн газраа өмчлөөд авсан тохиолдолд тухайн хүний хөрөнгө болон үлдэнэ. Тэгэхээр нэгэнт нэг иргэнийн үл хөдлөх болно гэдэг чинь хажуу айлын тань хөрөнгө мөн л баталгаажна гэсэн үг. Ийм учраас л тухайн иргэн хөршөө ч гэсэн хүндэтгэж үзээд, хашаагаа хөдөлгөх ёстой бол байршлыг нь солих л шаардлага үүснэ. Нэг иргэн хашаагаа хөдөлгөхгүй, илүү авсан талбайгаа өгөхгүй гээд зүтгэчихвэл тухайн хэсгийн өмчлөлийн асуудал тэр чигтээ саатна. Үүнийг л иргэд сайн ойлгож, ухамсартай хандах эрхтэй.

Газрын хэмжээгээ 0.7 га-д захируулж төлөвлөлт явагдах уу?

- Яг тийм утгатай заалт өмчлөлийн хүрээнд байхгүй. Гэхдээ Монгол Улсын иргэн 0.7 га газар эзэмших эрхтэй. Энэ дагуу л өмчлөл явагдана. Өөрөөр хэлбэл, хашаагаа энэ хэмжээнээс томсгоод барьсан айлуудыг цэгцлэх шаардлага үүснэ. Гэхдээ зуслангийн газар эзэмшиж буй ихэнх айлуудын газрын хэмжээ 0.7 га-д хүрдэггүй. Ялангуяа 1990-ээд оноос өмнөх байгууллагуудын нэр дээрх зуслан, иргэдийн зуслангууд 200-400 м.кв талбайтай байдаг. Эдгээр айлуудын газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй. Сүүлд газар авсан иргэд олгосон хэмжээнээсээ хэтрүүлээд татсан нь их, үүнийг жигдлэх зорилт тавьсан байгаа.

Тухайн газарт очоод буучихсан мөртлөө ямар нэгэн бичиг баримт, зөвшөөрөл аваагүй айлуудыг хэрхэн зохицуулах юм?

- Зуслангийн газар эзэмших гэрчилгээ аваагүй мөртлөө тухайн байршилд амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй иргэд эхний ээлжинд дүүргийнхээ газрын албанд хандах хэрэгтэй. Бид энэ газар дээр ... хэдэн оноос хойш амьдарч байна, хашаа байшин барьсан гэхчлэнгээр хүсэлтээ өгөх учиртай. Үүнийг нь манай газар зохион байгуулагчид газар дээр нь судлаад үнэхээр энэ айл энд байсан эсэх, байснаар бусад айлын эрх ашгийг хөндөж байна уу, газрын давхцал байна уу зэрэг асуудлуудыг нь шалгана. Эсвэл хэн нэгний эзэмшилтэй газар дээр очоод буучихсан ч байж болно. Энэ бүхнээ эхлээд шалгуулж, нягтлуулах хэрэгтэй. Үнэхээр ямар нэгэн зөрчил байхгүй бол бид эхний ээлжинд газрын баталгаажилтыг нь хийж өгч байгаа. Баталгаажилт хийгдсэний дараа эзэмших эрхийн гэрчилгээ гарна. Ингэснээр өмчлөгдөх эсэх асуудлаа шат дараатай хөөцөлдөөд, хүсэлтээ гаргаад явах боломжтой.

Ой мод, голын урсац хэсэгт ойр буусан эсвэл нийтийн эзэмшлийн зам талбайг хамарсан өрхүүдийн асуудал зөвхөн эзэмших эрхээрээ үлдэнэ гэсэн үг үү?

- Эзэмшил, өмчлөл хоёр өөрөө тусдаа асуудал. Тухайн газрыг иргэн тодорхой хугацаатайгаар эзэмшдэг. Өмчлөл нь энэ тохиолдолд төрийн мэдэлд байна. Харин төрөөс иргэнд эзэмшсэн газрыг нь өмчлүүлснээр цэвэр өөрийнх нь үл хөдлөх хөрөнгө болно. Энэ ч утгаараа ой мод, голын урсац хэсэгт ойр буусан эсвэл нийтийн эзэмшлийн зам талбайг хамарсан өрхүүдэд газрыг нь өмчлүүлэх боломжгүй. Харин эзэмших гэрчилгээгээрээ цаашид газраа ашиглаад явах боломжтой. Холбогдох хууль журмуудыг зөрчсөн энэ мэт байршлууд дээр шинээр газар олгохоо больсон.

- Бүрдүүлэх материалын тухайд?

- Бүртгэл зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Манай дүүргийн нэг цэгийн үйлчилгээн дээр энэ чиглэлээр иргэдийг мэдээллээр хангах, зарим асуудалд тайлбар өгөх ажлууд хэвийн үргэлжлээд явна. Бүрдүүлэх материал иргэдэд тэгж их чирэгдэл үүсгэхгүй. Зуслангийн газар эзэмшлийн гэрчилгээ, кадастарын зураг, иргэний бичиг баримтын хуулбар зэрэг цөөхөн материалууд орно. Энэ тэндээс лавлагаа авах, урт дараалалд зогсох шаардлага үүсэхгүй.

Зуслангийн газар өмчлөл явагдах талбай дахь байгууллагын нэр дээрх том талбай бүхий газар, амралтын газруудад өмчлөх эрх олгох уу?

Аж ахуйн зориулалтаар олгосон газруудыг өмчлүүлэхгүй. Хэдийгээр өмчлөл явагдах талбайд багтаж байгаа ч иргэний зориулалтаар аваагүй л бол эзэмших эрхийнхээ дагуу л газраа ашиглаад явна. Аж ахуйн зориулалтаар томоор нь газар авчихаад тухайлсан үйл ажиллагаагаа явуулаагүй компаниудад тодорхой хяналт тавьдаг. Гэрээний үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулахыг бид шаарддаг. Газрын төлбөрөө төлдөггүй зөрчлүүд сүүлийн жилүүдэд харьцангуй буурч, ерөнхийдөө жигдэрсэн байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

 

http://www.today.mn/p/17365

Нийтлэлийг хуваалцах