ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖИЙГ ЖИШИГ БОЛГОН ТОХИЖУУЛНА.

ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖИЙГ ЖИШИГ БОЛГОН ТОХИЖУУЛНА.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах, газрын зөрчил арилгаж, авто гараашийг чөлөөлсөн байршилд тохижилт хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр 6 сургууль, 11 цэцэрлэгийн баригдаж байгаа. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 10-100 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 1 болон 12 дугаар хороонд шинээр баригдсан 143-р цэцэрлэгийн өргөтгөл, 299-р цэцэрлэг, 6 дугаар хороо 25-р цэцэрлэг, 3 дугаар хороо 68-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн удирдлагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зарим засвар болон халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалын бодисын нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчны аюулгүй байдал, цэвэрлэгээ, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлын удирдамж боловсруулаад байна. Уг төсөлд дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчныг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах нь нэн чухал асуудал. Түүнээс гадна хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах чиглэлээр сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, бүх талууд хамтран ажиллах ёстой. Иймээс энэ чиглэлийн зохицуулалтыг гэрээнд тусгах саналыг оруулж, зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал бол дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах тухай байв. Эхний ээлжинд сонгогдсон байршилд жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой олон улсын стандартад нийцсэн, жишиг болохуйц орчин, тохижилт бүхий гудамжийг байгуулахаар холбогдох шийдвэрийг гаргалаа. Дүүргийн хэмжээнд газрын зөрчил арилгах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий 45 байршилд газар чөлөөлөлтийг хийсэн. Эдгээрээс 6 байршлыг сонгон эко хавтан бүхий явган зам хийхээр Зөвлөлийн хурлаас шийдвэрлэв. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд давс, бодис болон сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх, цэгүүдийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, айл өрхүүдэд тараасан угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг ажил хариуцсан нэгжүүдэд тус тус даалгав.
Нийтлэлийг хуваалцах