ДҮҮРГҮҮДЭД ЯМАР ТУЛГАМДСАН АСУУДЛУУД БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 1 нэгжээр өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 11 хүнийг 111,000 төгрөгөөр торгож, 2 хүнийг дүүргийн шүүхээр 14-20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авчээ. Тус дүүрэгт боловсрол хариуцсан албаны хүн байхгүй байгааг яаралтай шийдвэрлэх, Хангай цогцолбор сургуулийн халаалтын асуудлыг шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хэллээ.
Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 232 дуудлага хүлээн авснаас нэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 64 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 23 нэгж буюу 35,9 хувиар өссөн.Захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 168 бүртгэгдсэн нь 16 нэгжээр буюу 9,5 хувиар өсчээ.
Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2672 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 499 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин цаг хэтрүүлж ажиллаж байгаа баар, цэнгээний 27 газрын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хуулиас дээгүүр ажиллаж байгаа газруудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 10 сарын сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3665 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос 1051 нэгжээр буюу 28,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 10 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: 10 хэргийн 7 нь буюу 70 хувь нь өвчний улмаас, 1 буюу 10 хувь нь боомилж, 2 буюу 20 хувь нь биед ил харагдах шарх сорвигүй /насны доройтол/нас барчээ.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Гэмт хэрэг үйлдэгдэж буй зам талбай нь гэрэлтүүлэг, хяналтын камергүй байх тохиолдол их байгаа тул ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд энэ асуудлыг оруулах шаардлагатай гэлээ.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 723 дуудлагаар ирснээс 107 нь гэмт хэргийн шинжтэй, 616 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна. Захиргааны шинжтэй 616 зөрчлийг шалгаж нийт 5.929.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин гал түймрийн нийт 14 дуудлага ирснээс объектын түймэр 5, гал түймрийн зөрчил 9 гарч хугацаа алдалгүй унтраах ажиллагааг явуулсан байна. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг Өлзийт, Биогийн чиглэлд зорчиж буй ахмад настнууд тээврийн хэрэгслийн хөнгөлөлтөд 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагаа нийслэлийн Засаг даргад уламжилсан. Энэ талаар албан ёсны хариу ирээгүй байгаа гэлээ. Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо 63-р байрны тоглоомын талбайн газар дээр барилга барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас шийдвэрлүүлэх шаардлагатай гэж танилцуулсан асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал Багахангай дүүргийн боловсрол хариуцсан ажилтныг 2015 оны 1 дүгээр сарын 01 гэхэд шийдвэрлэхийг Нийслэлийн Боловсролын газарт, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд газар олгосон асуудлыг судлан хариу мэдээлэл өгөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Хот орчмын чиглэлд зорчиж буй өндөр настнуудын нийтийн хэрэгслээр 100 хувь хөнгөлөлттэй зорчих боломжтой эсэх талаар албан бичгийг хариу тайлбартайгаар хүргүүлэхийг Нийслэлийн Тээврийн газарт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо
Нийтлэлийг хуваалцах